Магистрын судалгааны ажил

  1. Магистрант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа судалгааны ажлын сэдэв, болон төлөвлөгөөг батлуулна.

  2. Судалгааны ажлын сэдэв батлагдсаны дараа магистрын судалгааны ажлаа хамгаалахаас өмнө, магистрант өөрийн судалгааны ажлын үр дүнгийн талаар тухайн чиглэлийн мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх буюу эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн байх шаардлагатай.

  3. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг үзэж дууссаны дараа магистрант Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөрт хандаж магистрын судалгааны ажлын хамгаалалтад орох шаардлагыг хангасан эсэхийг магадлуулна.

  4. Магистрын судалгааны ажлын сэдвийг СЭЗИС-ийн холбогдох тэнхим дээр хэлэлцэж сайшаасны үндсэн дээр сургуулийн эрдмийн зөвлөл хэлэлцэж батална.

  5. Магистрант нь өөрийн сонгосон, эрдмийн зөвлөлөөр батлагдсан сэдвийн дагуу магистрын судалгааны ажил бичиж хамгаална.

  6. Магистрын судалгааны ажил нь тодорхой асуудлыг гүнзгийрүүлсэн судалгаа, туршилтыг онол арга зүйн зохих түвшинд гүйцэтгэж, тодорхой үндэслэл, үр дүнд хүрсэн эрдэм шинжилгээний нэг сэдэвт бүтээл буюу тодорхой сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний тойм өгүүллийн хэмжээнд бичигдсэн байх шаардлагатай.

  7. Магистрын судалгааны ажил нь 60-80 хуудастай, хураангуй нь 0.5 хх хэмжээтэй бичигдсэн эрдэм шинжилгээний ажилд тавигдах шаардлагыг бүрэн хангасан байна.

  8. Магистрын судлагааны ажлын онолын түвшин, практикийн ач холбогдол, шийдлийг шүүн хэлэлцэж, зохих боловсролын зэрэг олгох эсэх шийдвэр гаргах үүрэг бүхий Магистрын Зэрэг Хамгаалуулах Зөвлөлийг мэргэжлийн тэнхим, Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөрийн саналд үндэслэн СЭЗИС-ийн захирлын тушаалаар байгуулна.

  9. СЭЗИС-ийн Магистрын Зэрэг Хамгааллуулах Зөвлөл нь докторын зэрэгтэй 5-аас цөөнгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Нийт бүрэлдэхүүний гуравны нэгээс цөөнгүй нь өөр байгууллагын төлөөлөл байна.

  10. Магистрын Зэрэг Хамгааллуулах Зөвлөл нь гишүүдийн 75-аас доошгүй хувийн бүрдэлтэйгээр магистрын ажил хамгаалуулах бөгөөд шийдвэрийг нууц санал хураалтаар дийлэнх олонхийн саналд тулгуурлан гаргаж 75-аас доошгүй хувийн санал авсан хүнд магистрын зэрэг олгох шийдвэр гаргана.

  11. Сургалтын хөтөлбөрөө бүрэн биелүүлж, магистрын судалгааны ажлаа амжилттай хамгаалсан хүнд Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг олгох шийдвэрийг Магистрын Зэрэг Хамгааллуулах Зөвлөлийн хуралдаанаас гаргана.

  12. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн СЭЗИС-ийн захирлын тушаалаар дээд боловсролын Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг хүртээж, диплом олгоно.

  13. Магистрын судалгааны ажлыг Монгол, Англи хэлний аль нэгээр хураангуйг Англи, Монгол хэлээр бичнэ.

  14. Магистрын судалгааны ажил нь “хангалтгүй“ буюу 75 хувийн санал авч чадаагүй тохиолдолд магистрант хоёр жилийн дотор магистрын ажлаа дахин нэмж засварлан нэг удаа хамгаалалтанд орох эрхтэй. Ингэхдээ магистрын судалгааны ажлын кредит цагийн төлбөрийг дахин төлнө.

  15. Магистрант магистрын судалгааны ажлаа сургалтын төлөвлөгөөнд заасан хугацаанд хамгаалаагүй хойшлуулсан тохиолдолд магистрын судалгааны ажлын кредитийн үнэлгээг доор дурьдсан итгэлцүүрээр үржүүлэн тооцож төлнө.

  16. Хүснэгт 2.
    Хойшлуулсан хугацаа 1 кредитийн төлбөрийг тооцох итгэлцүүр
    1 улирал 1.1
    2 улирал 1.2
    3 улирал 1.3
    4 улирал 1.4
  17. Бизнесийн Удирдлагын Магистрын сургалт явуулж буй чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг СЭЗИС-ийн багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын хүчээр тасралтгүй явуулж, сургуулийн төсөвт зохих хөрөнгийг тусган зарцуулж байна.

  18. СЭЗИС-иас багш нарын судалгаа, шинжилгээний ажлын дүн, хийсэн шилдэг төсөл, эрдэм шинжилгээний өгүүлэл, магистрын сайшаагдсан ажлын талаарх дүгнэлт, хураангуй зэргээс сонгон авч оруулсан эрдэм шинжилгээний цувралыг жил тутам нийтэлнэ.