Элсэлтийн журам

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын мастерийн хөтөлбөрийн сургалтын журмаас:

Хоёр. Элсэлт

2.1 Элсэлтийг СЭЗИС-ийн сургалтын алба, Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөр хамтран зохион байгуулна.
2.2 Элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилго бүхий Элсэлтийн Шалгалтын Комисс /ЭШК/-ийг СЭЗИС-ийн захирлын тушаалаар тухай бүр томилно.
2.3 Элсэлттэй холбоотой аливаа асуудлыг зохих журмын дагуу ЭШК эцэслэн шийдвэрлэнэ.
2.4

Бизнесийн Удирдлагын Магистрын сургалтанд амжилттай суралцаж чадах, дараах болзлыг хангасан хүмүүсийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр элсүүлнэ.

Үүнд:
  1. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагыг бакалаврын зэрэгтэй төгссөн
  2. Хуримтлуулсан голч дүн нь 2.75-аас доошгүй
  3. Бакалаврын зэрэг эзэмшсэнээс хойш 2-оос доошгүй жил ажилласан, ажлын туршлагатай
  4. Англи хэлний дунд /intermediate/-с дээш түвшний мэдлэг чадвартай
  5. Компьютерийн хэрэглээний програмууд дээр бие даан ажиллах чадвартай
  6. Сургалтын төлбөр төлөх санхүүгийн чадвартай, эсвэл суралцагчийн өмнөөс сургалтын төлбөрийг төлөх ивээн тэтгэгч байгууллага нь энэ тухайгаа зохих ёсоор нотолсон.
2.5 Бизнесийн удирдлагаас өөр чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн /мэргэжлийн бус/ элсэгч сургалтын агуулгын залгамж чанарыг хангахын тулд бизнесийн удирдлагын бакалаврын түвшинд 30-аас доошгүй кредит цагийн агууламжтай хичээлийг үзэж судлан /эрчимжүүлсэн бэлтгэл курст хамрагдаж/ 2.75-аас доошгүй голч дүнтэй суралцсан тохиолдолд бизнесийн удирдлагын магистрын үндсэн сургалтад дэвшин суралцах эрхтэй болно. Ийнхүү үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй.  
2.6 Элсэлтийг Бизнесийн Удирдлагын Магистрын сургалтын хэлбэр тус бүрээр жилд нэг удаа зохион байгуулна.
2.7 Сонгон шалгаруулах арга нь элсэлтийн шалгалт байна.
2.8  Элсэлтийн шалгалтыг
  1. англи хэл
  2. ярилцлага
  3. хэрэв тодорхой мэргэжлээр мэргэшиж суралцах бол тухайн мэргэжлийн чиглэлээр авна.
2.9 Элсэлтийн шалгалтыг ЭШК зохион байгуулна.
2.10 Элсэлтийн шалгалтанд Монгол улсын иргэдээс гадна Монгол улсын хууль тогтоомжийн дагуу суралцах хүсэлтээ албан ёсоор тавьсан гадаадын иргэд орж болно. Энэ тохиолдолд гадаадын иргэн нь англи болон монгол хэлийг чөлөөтэй эзэмшсэн байна.
2.11

Элсэлтийн шалгалтанд орохын тулд урьдчилан зарлагдсан хугацааны дотор дараах материалыг бүрдүүлж ЭШК-д ирүүлнэ.

Үүнд:
  1. Элсэхийг хүссэн өргөдөл
  2. Бакалаврын дээд боловсролын дипломын баталгаажуулсан хуулбар
  3. Удирдлагад нь ажилладаг 2 хүний тодорхойлолт
  4. Судалгааны ажлын төлөвлөгөө
  5. Тухайн үед ЭШК-оос зарласан сэдвийн дагуу элсэхийг хүсэгч өөрөө бичсэн эсээ
  6. Элсэлтийн шалгалтын хураамж төлсөн төлбөрийн баримт
  7. Сургалтын төлбөр төлөх баталгаа зэрэг болно.
2.12 Элсэгчдийг энэ журмын 2.7-д заасан элсэлтийн шалгалтын онооны дарааллаар нь байр эзлүүлж хяналтын тоонд багтсан элсэгчдэд Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөр элссэн тухай мэдэгдэл өгнө.
2.13 Элссэн тухай мэдэгдэл авсан хүмүүс мэдэгдэлд заасан хугацааны дотор сургалтын нэг жилийн төлбөрөө бүрэн төлж сургалтын гэрээ байгуулснаар элсэлтийг баталгаажуулна.
2.14 Дурьдсан хугацаанд элсэлтийг баталгаажуулаагүй тохиолдолд Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөр элсэгчийн өмнө орон тоог хадгалах болон бусад ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд онооны дарааллаар дараагийн дугаарт жагссан элсэгчийг нөхөн элсүүлж болно.
2.15 Мэргэжлийн бус элсэгчдийн хувьд бэлтгэл курс эхэлсэн өдрөөс хичээлийн жил эхэлсэнд тооцно.
2.16 Бэлтгэл курсын сургалтын төлбөр нь үндсэн сургалтын төлбөрөөс тусдаа тооцогдоно.
2.17 Нэгж кредит цагийн төлбөрийн хэмжээг  СЭЗИС-ийн Удирдах Зөвлөл тогтооно.
2.18 Элсэлтийн шалгалтанд тэнцсэн, энэ журмын 2.12-д заасны дагуу элсэлтээ баталгаажуулсан элсэгчийг суралцуулах тухай захирлын тушаал гарснаар Бизнесийн Удирдлагын Магистрын хөтөлбөрт элссэнд тооцно.